12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдсан этгээд буу эзэмших эрхтэй, Зэвсэгт хүчний алба хаагч байсан нь тогтоогджээ

talbar.mn
2022/11/01 / Нийгэм

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод орчимд буу тулгаж, дээрэмдэхийг завдсан хэрэг өнгөрсөн Пүрэв гарагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн хэргийг Зэвсэгт хүчний ... ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн үйлдсэн бөгөөд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө төлүүлэхээр зохион байгуулсан гэдгийг дуучин Ч.Уранхолбоо хэлж буй.

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн алба хаагч, 33 настай этгээд үйлдсэн нь үнэн болохыг баталлаа.

Гэхдээ одоогоор тухайн этгээд нь мөрийтэй тоглосны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Дээрх хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байгаа юм.

Хэргийн талаар Ч.Уранхолбоо "Мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө өдөр бүрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээж яваа олон хүүхэдтэй эмэгтэйгээр төлүүлэхээр энэ бүхнийг зохион байгуулж дээ. Уг этгээд нь Зэвсэгт хүчний ... ангийн арын албаны дарга, ахмад цолтой, галт зэвсэг ашиглах эрхтэй хүн байх юм.

Үнэхээр өөрөө самбаачилж, богино хугацаанд зугтаагүй бол юу болох байсан бол. Нүдний өмнүүр хүүхдүүд минь л эргэлдэж байлаа .

Төрийн албанд ажилладаг хамгийн их ёс зүй илэрхийлэх хүн ингээд галт зэвсэг хаа дуртай газраа буруугаар ашиглаад бусдын амь насыг хохироохоор завдах нь дэндүү харамсалтай байна. Тэр дундаа мөрийтэй тоглоом тоглож, хууль бус зүйл хийж яваа энэ хүмүүсээ хаацайлмааргүй байна.

Иргэд энэ улсад чинь амьд явах баталгаа алга. Энэ зөвхөн нэг хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал биш. Тиймээс ямар нэгэн байгууллагын эрх ашиг нэр хүндийг хамгаалж хаацайлалгүйгээр энэ хэргийг үнэн зөвөөр, шударга шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан