12-р сарын 1, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Туркийн Истанбул хотын төвд энэ сарын 13-нд дэлбэрэлт болж, 6 хүн амь үрэгдэн, 81 хүн гэмтэж бэртжээ

talbar.mn
2022/11/14 / Нийгэм
Бөмбөг жуулчдын дунд алдартай Истикляль гудамжинд дэлбэрсэн байна. Тухайн үед гудамж хүн ихтэй байжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт Истанбулын төвд гарсан халдлагыг шүүмжлээд, буруутай этгээдүүдийг хайж байна гэж мэдэгдсэн байна.
Харин тус улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай энэ дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа гэж үзсэн. Тэрбээр бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэн этгээдийг эмэгтэй хүн байсан гэсэн ч дэлбэрэлтийн үеэр өөрөө амиа алдсан эсэхийг мэдээлээгүй байна. Октайн хэлснээр, 4 хүн дэлбэрэлт болсон газар амиа алдаж, 2 нь эмнэлэгт нас барсан гэжээ. Мөн хоёр хүний биеийн байдал маш хүнд байна.
“Үүний ард хэн ч байсан, энэ улс дотор, эсвэл дэлхийн аль ч өнцөг буланд байсан бид олох болно. Энэ хүмүүсийг Туркт авчирч, шүүхийн өмнө зогсоож, шийтгэл амсуулах болно” гэж Туркийн дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Сүүлд нь Туркийн Дотоод хэргийн яам Истанбулын Истикляль гудамжинд бөмбөг тавьсан байх магадлалтай нэг хүнийг саатуулснаа зарласан байна.
Мөрдөгчид энэ хэрэгт Сирид үйл ажиллагаа явуулдаг курдын байгууллагууд холбоотой болзошгүй гэж сэжиглэжээ. Олон нийтийн сүлжээнд тархсан видео бичлэгүүдээр хүмүүс гудамжаар сандралдан гүйлдэж байгаа гарчээ. Таксим талбай, Истикляль гудамж нь хотын иргэд, гадаадын жуулчдын хамгийн ихээр очдог газар. Энд олон тооны ресторан, дэлгүүр байрладаг байна. Энэ гудамж 2015-2016 оны хооронд “Исламын улс” бүлэглэлийн хэд хэдэн халдлагын бай болж байжээ. Сүүлийн жилүүдэд Туркт томоохон алан хядах ажиллагаа гараагүй.
Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сарын 1-нд Истанбулд Калашниковын автомат буугаар зэвсэглэсэн эрэгтэй Босфорын эрэгт байрлах шөнийн клуб рүү дайрч, 39 хүний аминд хүрч, 69 хүнийг шархдуулсан юм.
Э.Батмөнх
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан