“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулгатай хуулийн төсөлд дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр уг төслийг хэрэгжүүлэх тохиолдолд “ёс зүйн алдаа” гэх тодорхой бус ойлголт улс төрийн зэвсэг болж, парламентын гишүүдийн үг хэлэх эрх, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй гэж тайлбарласан байна. Мөн ийм зохицуулалт нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж, ардчилсан парламентын засаглалын дархлааг сулруулах үр дагавартай байж болзошгүй гэжээ.
Н.Номтойбаярын байр сууринд, гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэц эсвэл цөөнхийн шийдвэрээр бус, тухайн гишүүнийг сонгосон иргэд өөрсдөө шийдэх зарчим илүү зохистой гэж дурдсан байна. Тэрээр үүнийг “recall election” буюу иргэдийн санал хураалтаар шийдэх хэлбэрээр хуульчлах боломжтой гэсэн санал дэвшүүлжээ.
Түүнчлэн улс төрийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилго үнэхээр байгаа бол зөвхөн “эгүүлэн татах” механизм руу хүчээр чихэх бус, намын төлөвшил, сонгуулийн шалгуур, мөн шүүх, прокурор, аудит, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагын хараат бус байдлыг эрх зүйн баталгаагаар сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тэрбээр төгсгөлд нь парламентын институцийн хүч сулрах тусам нэг хүний эрх мэдэл төвлөрөх эрсдэл нэмэгддэг гэдгийг сануулж, “үндэсний язгуур ашиг бол ард түмний сонголтыг хамгаалж, ардчилсан парламентаа бэхжүүлэх” байр сууриа илэрхийлжээ.



