Г.Дамдинням: Агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Засгийн газрын хуралдаанаар ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэж, Монголын талаас шаардлагатай өөрчлөлтүүдийг тусган хоёр тал харилцан ойлголцолд хүрчээ. Хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлуулах бөгөөд энэ нь ОХУ-тай хийж буй “хоёр том хэлэлцээрийн нэг” гэж тодотгов. Соёрхон батлагдвал цаашид ОХУ-аас Монгол Улсад шатахууныг тогтвортой нийлүүлэх гэрээний асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдэнэ гэх аж.

“Рио Тинто”-той хийх хэлэлцээний ажлын хэсэгт менежментийн зардлыг бууруулах асуудлыг хариуцаж байгаа бөгөөд Монголын талд өр болж байгаа нөхцөлүүдийг хөндөж, зээлийн хүүг эрс бууруулах, мөн форвард гэрээний шийдэл хэрэгжүүлэх асуудлыг тавьсан гэв. Ерөнхий сайдын зүгээс Монголын талын хувь эзэмшлийг 60 хувиас доошгүй байлгах байр суурь илэрхийлсэн, “долоон жил тутам” гэх хугацааны хязгаарлалтыг болиулах талаар хоёр тал ойлголцсон гэж мэдээллээ. Ажлын хэсгийн дараагийн уулзалт маргааш болно гэв.

Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны нөөц бүрдүүлэх асуудлыг хөндөж, Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд нөөцийн сав бариулах зорилгоор зээл олгохоор болсон гэж мэдээлэв. Энэ хүрээнд 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаас олгохоор ярьж буйг дурдлаа.

Мөн “гадаад улсад шатахууны сав барина” гэх ойлголт ташаа гэдгийг хэлж, Монгол Улсад яаралтайгаар нөөцийн савыг түрээсэлж, нөөц бүрдүүлэх талаар эхний ээлжид хэлэлцэж байгааг тодотгов. ОХУ-ын талаас нийлүүлэлтийг хангалттай гаргах боломжтой гэсэн хариу өгсөн, хангалт нийлүүлэлтэд асуудал үүсэхгүй гэж мэдээлсэн ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж үнэ өөрчлөгдөх эрсдэл байгааг үгүйсгэсэнгүй. Үнийн зөвлөл маргааш хуралдаж нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийг дурдав.