Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, цахим орчинд хүүхдүүд нэгнийгээ доромжлох, заналхийлэх, хүчирхийлэх, мөн бусдын зураг бичлэгийг зөвшөөрөлгүй нийтлэх асуудал нэмэгдэж байгаад байр суурь илэрхийллээ.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал бөгөөд комисс энэ сэдвийг 22, 23, 24 дэх илтгэлүүддээ дараалан хөндөн, урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн ч үр дүн хангалтгүй байна. Мөн хүүхэд хамгааллын тухай хууль шинэчлэгдсэн ч хэрэгжилт сул, хамтарсан багуудын ажилд санхүүжилт, мэргэшсэн хүний нөөцийн дутагдал нөлөөлж байгааг мэдээлэв.
Сүүлийн үйл явдал “энгийн дээрэлхэлт”-ээс давж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгаж дүгнэлт гаргана. Учир нь 14 нас хүрсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай. Гэхдээ хүүхдийг олон нийтийн сүлжээнд “цаазлах” байдлаар бус, засарч эргэн нийгэмших боломжийг нь хангах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийллээ.
