10 байр ухарсан Монгол буюу 31 онооны дохио

Монгол Улс Транспэрэнси Интернэшнл (TI)-ийн Авлигын төсөөллийн индекс (CPI) 2025 оны дүнгээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, 31 оноо авчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс -2 оноогоор буурсан үзүүлэлт бөгөөд эрэмбийн хувьд ч ухарсан дүр зураг гарч байна.

CPI бол “авлигын хэрэг хэд гарсан”-ыг тоолдог тайлан биш. Харин төрийн сектор дахь авлигын түвшин бизнесийн орчин, шинжээчдийн үнэлгээгээр хэрхэн төсөөлөгдөж буйг 0–100 оноогоор хэмждэг, дэлхий дахинд хамгийн өргөн ашиглагддаг индикатор юм. Өөрөөр хэлбэл индексийн оноо буурах тусам  авлигын төсөөлөл дордож, төрийн байгууллагын шударга, хариуцлагатай ажиллах чадамжид итгэх итгэл муудаж буй дохио гэж ойлгож болно.

Яагаад “жагсаалт” бус “оноо” чухал вэ?

CPI-д хамрагдсан орны тоо жил бүр өөр байх нь бий. CPI-гийн 2024 оны тайланд 180 улс хамрагдсан бол 2025 онд 184 оронд хамрагдаж, авлигын индексээ “шалгуулжээ”. Энэ нь хэдийгээр өмнөх жилтэй адил оноо авсан ч байр нь өөрчлөгдөх магадлалыг бий болгодог. Манай улсын хувьд 2022-2024 онуудад яг ижил 33 оноо авч байсан ч байр нь 114-121-ын хооронд бичигдэж байсан. Харин энэ удаад Монголын оноо хоёроор буурсан нь зөвхөн эрэмбийн савлагаа инстутийн сулрал явагдаж буйг илтгэнэ.

Оноо унах үзэгдэл нь хэд хэдэн зүйлийг “төр засгийн онош” хэлбэрээр ил гаргадаг.

Нэгдүгээрт, хариуцлага тооцох механизмд итгэх итгэл сул. Хууль чангарлаа, бодлого сайжирлаа гэсэн мэдэгдэл олонтаа сонсогддог ч хэрэгжилт, шийтгэлийн бодит жин иргэд, бизнесийн нүдэнд хангалтгүй хэвээр гэсэн төсөөлөл давамгайлж буйг илтгэнэ.

Хоёрдугаарт, үр дүнгүй ил тод байдал бодит байдал. Мэдээлэл “байгаа мэт” боловч шалгах боломжгүй, эсвэл шийдвэр гаргалтад бодитоор нөлөөлөхүйц түвшинд нээлттэй биш бол ил тод байдал нэр төдий үлддэг.

Гуравдугаарт, иргэний орон зай, хяналтын дархлаа. Иргэдийн хяналт сулрах тусам авлигын эрсдэл институцийн түвшинд “үйлдвэрлэгдэх” хөрс бүрддэг. Сэтгүүлч, ТББ, шүгэл үлээгчдэд ирэх дарамт нэмэгдэх нь авлигад “сүүдэр” биш, шууд утгаараа хамгаалалтын давхаргыг нимгэлдэг.

TI-ийн сануулга:

TI CPI 2025 тайлбартаа улс орнуудад авлигын эсрэг улс төрийн манлайллыг бодит шатанд гаргах, иргэний орон зайг хамгаалах, мөн мөнгө угаах боломж олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд компани, хөрөнгийн эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах хэрэгтэйг онцолжээ.

Монгол улсын хувьд, эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн шийдвэрлэлтийн бодит хэмжүүрүүд яагаад “итгэл” болж чадсангүй вэ? Авлигатай тэмцэх нэрийн дор иргэний хяналтыг хумих алхам гарсан уу зэрэг асуултууд хариултаа хүлээнэ. TI CPI -ийн 31 оноо бол зүгээр нэг статистик биш. Хөрөнгө оруулалтын эрсдэл, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шударга өрсөлдөөний орчин зэрэг амин чухал үзүүлэлтүүд иргэд, ААН-үүдэд өндөр үнэтэй төлбөр болон буух “анхааруулах гэрэл” гэдгийг хаа хаанаа ойлгох цаг иржээ.

Б.Өрнөх