НҮБ-ын шинжээчид Иран дахь дайн НҮБ-ын дүрмийг зөрчиж, сургууль руу хийсэн цохилт “цочирдом” хэрэг байсныг онцлов

ЖЕНЕВ. (Ройтерс) – Иран дахь хүний эрхийн зөрчлийг шалгаж буй НҮБ-ын хараат бус мөрдөн шалгах баг Израиль болон АНУ-ын Иранд хийсэн халдлагууд, мөн Ираны бүс нутгийн хэмжээнд өгсөн хариу цохилтууд “НҮБ-ын Дүрмийн эсрэг байна” хэмээн мэдэгдлээ. НҮБ-ын Дүрэмд аливаа улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхийг хориглодгийг тус баг сануулсан байна.

Тус байгууллага мөн АНУ, Израилийн довтолгооны эхний өдөр Ираны өмнөд хэсгийн Минаб хот дахь Shajareh Tayyebeh охидын сургуульд цохилт өгсөн гэх мэдээлэлд “гүнээ цочирдож” буйгаа илэрхийлжээ. Мэдээллүүдээр хохирогчдын дийлэнх нь 7–12 насны охид байсан бөгөөд “160 гаруй хүүхэд амиа алдсан” тухай НҮБ-ын өөр нэг шинжээчдийн баг мөн дурдсан байна.

НҮБ-ын тайлан, мэдэгдлүүдэд Ираны иргэд “өргөн хүрээний цэргийн ажиллагаа” болон хүний эрх зөрчдөг гэж шүүмжлэгддэг Тегераны засгийн газрын давхар дарамт дунд хавчигдаж байгааг онцолжээ. Мөн 2025 оны 12 дугаар сарын 28-нд эдийн засгийн шалтгаант эсэргүүцэл эхэлснээс хойш явуулсан хатуу ажиллагааны дараа олноор баривчилгаа явагдаж, эрүү шүүлт, цаазын ялтай нүүр тулсан тухай дурдсан байна. Түүнчлэн агаарын цохилтын үеэр Ираны өндөр түвшний албан тушаалтнууд, тэр дундаа Дээд удирдагч Аяатолла Али Хаменеи амь үрэгдсэн гэх мэдээллийг НҮБ-ын мэдэгдэлд дурдаж, ийм үйлдлийг олон улсын эрх зүйн хүрээнд “шударга ёсыг тогтоох хүлээн зөвшөөрөгдөх арга хэрэгсэл” гэж үзэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Харин АНУ-ын тал сургууль санаатайгаар онилоогүй гэж мэдэгдсэн талаар Ройтерс мэдээлсэн бол Израилийн тал уг хэрэг явдлыг шалгаж буйгаа дурдсан байна.

Эх сурвалж: Reuters