Дархан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр нэг хүүхэд менингококк халдвараар өвчилсөн нь бүртгэгдсэн бол энэ сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд тус халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) мэдээллээ. Дээрх аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг бөгөөд богино хугацаанд хүндэрч болзошгүй, ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурц явцтай илэрдэг гэдгийг ХӨСҮТ анхааруулжээ. Бага насны хүүхдэд 38 хэмээс дээш халуурах, уйламтгай тайвшрахгүй болох, хоолонд дургүй болох, бөөлжих, нойрмоглох эсвэл сульдах, арьсан дээр дарахад арилахгүй ягаан-хөхөвтөр цусархаг тууралт гарах, гар хөл хүйтэн болох, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг сануулсан байна. Тууралт эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой аж.
ХӨСҮТ-өөс дээрх шинж тэмдгүүдийн нэг буюу хэд хэд нь илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаж, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандахыг зөвлөв. Мөн Менингококкт халдвар нь “цаг, минуттай уралддаг” тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна гэж анхаарууллаа.

