Б.Батбаатар: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор намуудын улс төр, бизнесийн бүлэглэлийн бохир ажиллагаа явагдаж байна

ИЗНН-аас өчигдөр Онц Их хурлаа хуралдуулж, намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон, одоогийн ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хариуцлага тооцох шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ хэмээн хэсэг бүлэг намын гишүүд нь мэдэгдсэн.

Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар энэ хурлыг захиалгатай, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “ИЗНН энэ сарын 9-ны өдөр 26 жилийн ойн баярын арга хэмжээгээ хийсэн. Үүнтэй зэрэгцүүлэн нэр бүхий этгээдүүд онц их хурал гэх дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан. Намын дүрэмд  Их хурлыг хуралдуудахад намын дарга улс төрийн зөвлөлийг зарлан хуралдуулдаг. Улс төрийн зөвлөл Үндэсний хороог хуралдуулдаг. Үндэсний хороо Их хурал зохион байшуулах шаардлагатай гэж үзвэл хурлыг товыг 30 дээш хоногийн хугацааны өмнө зарладаг дүрэмтэй.

Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын 8-ны өдөр Их хурлаа зарлаад 9-ны өдөр хуралдуулчихдаг онц Их хурал гэж хаана ч байхгүй. Энэ бол ИЗНН-ын эсрэг захиалгатай үйл ажлиллагаа гэдгийг хэлье. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Энэ сонгуульд улс төрийн 5 нам нэр дэвшигчээ дэвшүүлэх эрхтэй. Энэ 5 намд байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдээс дээрх үйл ажиллагааг захиалсан гэж ойлгож байна. ИЗНН-аас өөрт ашигтай буюу тоглоомын хүүхэлдэйг дэвшүүлэх бохир технологи явагдаж байна.

ИЗНН 2001 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа нэр дэвшүүлж байсан удаагүй. Тиймээс энэ удаа дангаараа оролцоно. Ингэхдээ өөрсдийн бодлогын хүрээнд нэр дэвшигчээ тодруулна гэдгээ намынхаа гишүүдэд мэдэгдэж ирсэн. Яг энэ зарчмаараа сонгуульд оролцоно.

Надтай холбоотой хилээр орж гарсан, мөнгөн дүнтэй асуудал яригдаж байна. Юуны түрүүнд Хил хамгаалах Ерөнхий газарт хандана. Өнгөрсөн онд Монгол Улсын иргэн Батын Батбаатар хэдэн удаа, хэд хоногоор гадагшаа явсан юм бэ гэдгийг албан ёсоор тодруулна. Учир нь 52 хоногийн хугацаанд гадагшаа явсан зүйл огт байхгүй. Мөн 52 хоногийн хугацаанд 2 тэрбум төгрөг зарцуулах боломж ч байхгүй. Би хэдий сайд ч гэсэн харъяа байгууллагуудынхаа санхүү, төсөвт хяналт тавьдаггүй гэлээ.