Боловсролын сайд П.Наранбаяр хүүхдийн нийгмийн сүлжээнд оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн гэж мэдээлэв. Тэрбээр 1,128 хүүхдийн судалгааг эш татаж, хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт 2–4 цаг болон 4-өөс дээш хугацааг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг, хувийн мэдээлэл задрах зэрэг эрсдэлд өртөх тохиолдол өндөр, 10–18 насныхны хэрэглээнд эцэг эхийн хяналт сул гэсэн дүгнэлт гарсныг дурдлаа.
Хуулийн төсөл 5 бүлэг, 44 заалттай бөгөөд 16 нас хүртэлх хэрэглэгчийн насыг технологиор баталгаажуулах, баталгаажуулалтын дараа хувийн мэдээллийг устгах, харин торгуулийн хариуцлагыг эцэг эх, хүүхдэд бус үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд Зөрчлийн хуулиар тооцох зохицуулалттай гэж мэдээлэв.
Мөн 33 сургуульд хийсэн “Аюулгүй сургууль” үнэлгээгээр суралцагчдын 79 хувь нь дээрэлхэлтэд өртдөг, 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсныг онцолж, сургуулийн соёлыг сайжруулах, “аюулгүйн сүлжээ” бий болгох хүрээнд эцэг эхийн оролцоотой “E-police” шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ.
