ТАНИЛЦ: Зээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт

Зээлийн мэдээллийн тогтолцоо, зээлийн түүх, эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээний талаар иргэн, хуулийн этгээдэд үнэн зөв ойлголт өгөх зорилгоор Монголбанк “Зээлийн мэдээллийн тогтолцооны тухай нийтлэг асуулт, хариулт”-ыг гаргажээ.

Үүнд хууль, зохицуулалтын сүүлийн үеийн өөрчлөлт болон зээлийн мэдээллийг хэрхэн ашиглах, зээлдэгчийн үнэлгээний шинэчилсэн тогтолцооноос үүдсэн давуу талыг тайлбарласан байна.

Зээлийн түүх /мэдээлэл/ гэж юу вэ?

Зээлийн түүх нь иргэн, хуулийн этгээдийн банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, санхүүгийн бусад төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг тодорхой хугацаанд бүртгэн хадгалах зорилго бүхий цогц мэдээллийн сан юм.

Зээлийн мэдээллийн тогтолцоо ямар хэлбэрээр хэрэгждэг вэ?

Зээлийн мэдээллийн тогтолцоо нь улсын сан, хувийн мэдээллийн компани эсхүл хосолсон хэлбэртэй байдаг. Манай улсад 2011 онд баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-иар хоёр шатлал бүхий бүтэцтэй (улсын болон хувийн хэвшил) хэрэгжиж байна.

Монгол Улсад зээлийн мэдээлэлтэй холбоотой эрх зүйн ямар зохицуулалт хэрэгждэг вэ?

УИХ-ын 2025 оны тавдугаар сарын чуулганаар “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох эрх зүйн орчин бүрдсэн. Энэ дагуу Монголбанк Зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй байх шийдвэрийг хэрэгжүүлж байна.

“Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталснаар ямар давуу талууд бий болсон бэ?

Зээлийн лавлагаанд “муу/сайн” ангилал харагдахгүй тул шударга, оноонд суурилсан үнэлгээ хэрэгжүүлж эхэлсэн. Түүх динамик болж, төлөлтийн сахилга бат сайжрах тусам оноо хурдан нэмэгдэнэ. Сайн сахилга баттай зээлдэгч давуу нөхцөл, хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Зээлийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Зээлийн мэдээллийг тухайн зээлдэгчийн санхүүгийн боломж, эргэн төлөх чадамж, эрсдэлийг үнэлэхэд ашигладаг. “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д заасанчлан уг мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчээс цуглуулж, боловсруулж, хадгалж, банк, санхүүгийн байгууллагад ашиглуулдаг. 

Зээлийн мэдээллийн лавлагаа юунд зориулагдсан бэ?

Төрийн байгууллага хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай мэдээллийг авч, албан хэрэгцээнд ашигладаг бол зээлдүүлэгч нь харилцагчийнхаа эрсдэлийг үнэлэхээр зээлийн мэдээллийг нь ашигладаг. Зээлдэгч нь өөрт хамааралтай зээл, төлбөрөө хянах, санхүүгээ удирдахаар зээлийн мэдээллийн лавлагаагаа авч ашиглах боломжтой.

Зээлийн мэдээллийн түүхийг яагаад лавлагаанд тусгадаг вэ?

Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгох шийдвэр гаргахдаа зээлийн мэдээллийн лавлагаанд тусгасан мэдээллийг зээлийн эрсдэлийн үнэлгээ, онооны систем, дотоод бодлого, журамдаа үндэслэн ашигладаг. Зээлдэгч өмнөх үүргээ хугацаанд нь биелүүлж байсан эсэх нь тухайн хувь хүн, аж ахуйн нэгжийн санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг илэрхийлдэг тул зээл олгох эсэх, зээлийн хэмжээ, хугацаа, хүү, батлан даалтын нөхцөлийг тодорхойлоход чухал нөлөөтэй.

Зээлийн мэдээллийн түүхийг лавлагаанд тусгах нь ямар ач холбогдолтой вэ?

Зээлийн мэдээллийн түүхийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгах нь зээл олгох шийдвэрийг илүү бодитой, эрсдэлд суурилж гаргах, зээлдэгч, зээл олгогч талын аль алинийх нь эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой.

Зээлийн мэдээллийн лавлагааг залруулж болдог уу?

Тухайн зээлдэгчийн лавлагаанд алдаа байвал мэдээлэл нийлүүлэгч байгууллага буюу зээл олгосон банк, санхүүгийн байгууллагаар  дамжуулан засуулж болно.

Муу түүхтэй, ангилал буурсан ч лавлагаанд харагдахгүй болсон тул дахин зээл авч болох уу?

Зээлийн мэдээллийн лавлагаанд “зээлийн ангилал” тусгагдахгүй болсон нь Таны сөрөг түүх бүрмөсөн ариллаа гэсэн үг биш. Шинэ бодлого нь оноонд суурилсан үнэлгээний аргачлалд шилжиж буй тул хувь хүний лавлагаанд “ангилал” харагдахгүй. Төлсөн түүх, хугацаа хоцрох, бусад зөрчил баримт оноогоор дамжин нөлөөлнө. Зээлийн муу түүх нь оноо багасах нөхцөл болно. Ингэснээр зээл олгох нөхцөл чангарах, татгалзах шийдвэр гарах магадлалыг ихэсгэнэ.

Зээлийн мэдээлэлд ямар мэдээлэл багтдаг вэ?

Зээлийн мэдээлэлд тухайн зээлийн хэмжээ, хугацаа, эргэн төлөлт, хугацаа хэтэрсэн эсэх, зээлийн гэрээний гүйцэтгэлийн тухай мэдээлэл багтдаг. 

Зээлийн оноог ямар аргачлалаар тооцож гаргадаг вэ?

Зээлийн оноо нь математик/статистик загвараар автоматаар тооцогддог. Гар аргаар буюу хүний оролцоотой “засах” боломжгүй. Аргачлал нь ялгаатай ч нийтлэг зарчмаар зээл төлсөн түүх хамгийн их жинтэй (40–50 хувь) тооцогддог.

Зээлийн оноог ямар байгууллага гаргадаг вэ?

Одоогоор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч “Титан Си Ар Эй ЗМС” ХХК-ийн FICO оноо, “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн бүрэн оноо албан ёсоор зах зээлд нэвтэрээд байна.

Зээлийн оноонд ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг вэ?

Зээлийн тоо, үлдэгдэл, хугацаа, бүтээгдэхүүний төрөл зэрэг идэвхтэй, хаагдсан зээлийн мэдээлэл орно. Мөн хоцролтын давтамж, үргэлжилсэн хоног, өмнөх өрийн шийдвэрийн түүх зэрэг эргэн төлөлтийн сахилга бат нөлөөлдөг. Тогтвортой орлого, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, оршин суугаа хаягийн тогтвортой байдал, зээл судлуулах хүсэлтийн давтамж ч хамаарна.

Зээлийн оноо бага байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Зээлийн оноо бага байх нь тухайн зээлдэгчийн санхүүгийн сахилга бат сул, ирээдүйн эргэн төлөлтийн эрсдэл их гэж үнэлэх шалтгаан болдог. Үүний улмаас зээл олгохоос татгалзах, илүү өндөр хүү, шимтгэл, нэмэлт нөхцөл тавих, нэмэлт барьцаа шаардах, зээл авах дээд хэмжээ, хугацааг багасгах эрсдэлтэй.

Зээлийн оноогоо хэрхэн дээшлүүлэх вэ?

Зээлийн оноо бол динамик үзүүлэлт.  Гэрээний дагуу зээлээ хугацаандаа тасралтгүй төлөх, хугацаа хэтэрсэн зээлийн зөрчлөө даруй барагдуулж арилгах, зээлийн судалгааг богино хугацаанд, ойр давтамжтай хийлгэхээс зайлсхийх, өр, орлогын харьцаанд нийцсэн зээлийн багцтай байх, барьцаагүй, богино хугацаат зээлийн давтамжийг багасгах хэрэгтэй. Тухайлбал, зээлээ 6–12 сарын турш хугацаандаа төлөх нь оноонд эерэг нөлөөлнө.

Зээлийн оноог ББСБ,  бусад санхүүгийн байгууллага ямар зорилгоор ашигладаг вэ?

Зээлийн оноог хэрхэн ашиглах нь тухайн зээл олгогч байгууллагын дотоод журам, эрсдэлийн бодлогоос шалтгаална. Мөн аль онооны бүтээгдэхүүнийг (FICO/Бүрэн оноо) авч ашиглах нь тухайн байгууллагын шийдвэр, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явна. Ихэнх байгууллага оноог доод босго тогтоох анхан шатны шүүлтүүр болгох, эсвэл үнэ тогтоохдаа ашиглах, үнэлгээ хийхдээ оноог бусад шалгууртай хослуулан хэрэглэдэг.

Огт зээл авч байгаагүй, зээлийн түүхгүй бол давуу тал болох уу?

Зээлийн түүхгүй байх нь зээлийн оноог ихэсгэж, багасгах үндэслэл болохгүй. Тухайн зээлдэгчийн мэдээлэл лавлагаанд байхгүй бол ихэнх тохиолдолд зээлийн оноо үүсэхгүй байх эсхүл хангалтгүй мэдээлэлтэй (thin file) гэж үнэлэгддэг. Энэ нь зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг үнэлсэн үзүүлэлт биш, харин банк, санхүүгийн байгууллага тухайн харилцагчийн зээлийн эрсдэлийг үнэлэхэд хангалттай мэдээлэл байхгүйг илтгэж буй хэрэг юм.

Зээлээ хугацаандаа төлөхгүй бол юу болох вэ?

Зээлийн сөрөг түүх нэмэгдэж, оноо багасаж, зээлийн боломж хязгаарлагдана. Эрсдэлийн түвшин нэмэгдэх тусам илүү өндөр хүү, шимтгэл, нэмэлт барьцаа, хугацаа богиносох, татгалзах шийдвэр гарах магадлал ихэснэ.

Байгууллагууд оноонд суурилсан үнэлгээнд шилжихдээ дотоод журмаа яаж өөрчлөх вэ?

Онооны доод, дээд босго тогтоох, зээлийн эрсдэлийн матриц батлах хэрэгтэй. Онооны түвшинд тохирсон хүү, шимтгэл, барьцаа, лимит, хугацааны бодлого тодорхойлно. Мэдээлэл хамгаалалт, мэдээллийн чанар (data quality)-ын горим, алдаа залруулах журмыг шинэчилж, хэрэглэгчдэд мэдээлэх, маргаан шийдэх нэг цонхны сувгийг тодорхойлоход анхаарах хэрэгтэй.

Зээлийн оноотой холбоотой гомдол саналаа хаана гаргах вэ?

Зээлийн оноотой холбоотой гомдол, санал, тодруулга гаргах тохиолдолд тухайн оноог боловсруулж, үйлчилгээ үзүүлж буй “Сайн Скор ХХК”, “Бүрэн Скор ХХК”-д хандана. Эдгээр байгууллага нь зээлийн оноо, үнэлгээтэй холбоотой асуулт, гомдлыг хүлээн авч, мэдээллийг шалган, хууль тогтоомжийн хүрээнд тайлбар, шийдвэр гаргадаг.