“Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо дөрөв хоногийн өмнө 10 хилийн боомтод 34,227 га газрыг ашиглуулах шийдвэр гаргасан. Хэлэлцүүлэг явуулалгүй, шууд шийдсэн байна” хэмээн өчигдөр /2026-02-11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгсөн.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна” хэмээн мэдэгдсэн.
Улмаар Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Тэгвэл өнөөдөр тэрбээр хуулийн байгууллагуудад холбоотой баримтуудыг хүргүүлж, Гашуунсухайт боомтын орчимд хэрэгжүүлж буй “Смарт Эко Транс” ХХК-тай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэхээр болсон байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр 2022 оны 349 дүгээр тогтоолоор “Смарт Эко Транс” ХХК-д үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон нь өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон шинжтэй гэж үзсэн байна. Мөн Цагаанхад–Гашуунсухайт чиглэлийн сайжруулсан 19.2 км зам, түүнчлэн боомтын орчимд 66 га талбай бүхий газрыг ашиглуулахтай холбоотой шийдвэр, захирамжууд хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж дүгнэсэн тул Ерөнхий прокурор, АТГ зэрэг байгууллагад шилжүүлэн шалгуулах чиглэл өгсөн гэжээ.
Мөн Цагаанхад–Гашуунсухайт чиглэлийн 19.2 км сайжруулсан зам, боомтын орчимд 66 га газартай холбоотой шийдвэрүүдийн хэрэгжилт, газар ашиглалтын гэрээ байгуулагдсан эсэх, эрх олголтын үндэслэл зэргийг хөндөж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөлүүдийг дурдсан байна.
Цаашлаад улсын хилийн зурваст олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 54 тусгай зөвшөөрөл, тэдгээрийн байршлын эрсдэлийг онцолжээ. Тухайлбал зарим талбай нь хилийн инженерийн байгууламжтай давхцах, улсын хилийн шугамд хэт ойр буюу 30 метр хүртэл зайд байрласан тохиолдол байж болзошгүйг дурдсан байна. Ийм нөхцөл үүсвэл хил хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал, гамшиг-ослын үед ажиллах чадавх, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.

